Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Онцлох мэдээ nomun 09-11-2020 2190

Бүчгүй малгай салхинд хийснэ

 

 

2020 оны сонгуулиуд дууслаа. Хорь гаруйхан хоногийн өмнө болсон Орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдаж, дүнгээ гаргав. Аймаг, нийслэлийн ИТХ-ууд байгуулагдаж, засаг ноёдоо томилж байна. Ерөнхий сайд ч үтэр түргэн захирамжилж ажилд нь оруулж буй үзэгдэнэ.

Энэ сонгуулийн дараа Хотын даргаар Д.Сумьяабазар томилогдлоо. МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар Д.Сумьяабазарыг Хотын даргад дэмжив.
Д.Сумьяабазар ч тэндээс гараад шууд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Дараа нь Хотын ИТХ-ын 45 төлөөлөгчийн олонхи нь яралзтал гараа өргөөд "сонгочихож” байгаа юм. Энэ бүхэн эрх баригч намын Удирдах зөвлөлийн шийдвэр ямар хүчтэйг үзүүлэв. Ингэж Хотын дарга болсон Д.Сумьяабазар ажилдаа орлоо.
Хотын даргын албан тушаал гэдэг бяртай л даа. Улаанбаатарт хүн амын талаас илүү нь амьдардаг болохоор улсын Ерөнхий сайдаас нэг их дутахгүй. Тэр утгаараа Д.Сумьяабазар сайд ч үгүй, сул гишүүн болсноос энэ нь дээр гэж үзсэн бололтой юм.
Гэхдээ тэр сайн дураараа хэзээ мөдгүй тросс нь тасарч мэдэх лифтэнд суучихлаа.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо Д.Сумьяабазарт хамгаалалт байхгүй болсон. Хууль тогтоох эрх мэдэл бүхий, хуулийн хамгаалалттай УИХ-ын гишүүний сэнтийнээс шууд үсэрч Хотын даргаар томилогдсон. Угтаа УИХ-ын гишүүн гэдэг бол Д.Сумьяабазарыг ямар нэг асуудалд орлоо гэхэд нэг биш, нэлээд хугацаанд аваад үлдчих албан тушаал байлаа. Ядахад үсэрч буугаад очсон хотынхоо ИТХ-д нь тэр байхгүй.
Нэг хэсэг Шадар сайдаас Ерөнхий сайд болчихоод хямарч явсан У.Хүрэлсүхийн зовлонг тэр эдэлнэ. У.Хүрэлсүх өмнөх УИХ-ын үед гишүүн байгаагүй. Гишүүн биш Ерөнхий сайд гэдэг шүдгүй арслан л байсан. Хоёр жилийн өмнө огцорчих шахаад өнөө муу С.Жавхлан аварч үлдсэн түүх бий.
Үүнтэй адил Д.Сумьяабазар бол нэг их архирсан шүдгүй арслан шиг Хотын дарга болж байгаа юм. Д.Сумьяабазарт Хотын МАН-ын дарга гэдэг албан тушаал бий. Гэхдээ Хотын намын даргын албан тушаал нь хойшдоо нэг их хэрэг болохгүй. Цаасан малгайнаас ялгаагүй. Жавар халхлахгүй.
Тэгэхээр тэр ИТХ-ын 45 төлөөлөгчөө нэгбүрчлэн бөөцийлж хөлд нь сууж байхгүй бол болохгүй. Нэг хэсгээрээ нийлээд "салхилбал” Д.Сумьяабазарыг хөнгөхөн аваад хаячихна. Нэг үгээр хэлбэл, тэр цагт Д.Сумьяабазарт тогтоож барих арга байхгүй.
Ийм явдал болохыг үгүйсгэхгүй. Болж мэдэх магадлал ч өндөр байна.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтаад улс төр далдуур бужигнаад эхэллээ. Энэ бужигнааны дүйвээн намд нь ч бас нөлөөлнө. Нам нь бужигнахаар хот хамгийн түрүүнд өртөнө. Ийм л юм.
Жишвэл Д.Сумьябазар гэдэг Хотын дарга яг л бүчгүй малгай шиг юм. Бүчгүй малгай салхинд тогтдоггүй билээ. 
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Холбоотой мэдээ