Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Онцлох мэдээ nomun 03-11-2020 2520

Импортыг орлох үйлдвэрээ Төв банкнаас биш төрөөс нэх, гишүүд ээ

 

 


Төв банктай холбоотой хууль, журам, бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүдийн байнга асуудаг нэг асуулт байдаг. Тэр нь Төв банк яагаад мөнгө гаргахгүй байна, валютын ханш та нараас болж өслөө гэх асуулт. Эдийн засгийн мэдлэггүй, мэдрэмжгүй гишүүдийн л ярьдаг яриа. Зарим нь ч мэдсээр байж мэдэн будилж, албаар дайрч ярьдаг ч биз. Үндсэндээ Төв банкны хараат бус байдалд санаатайгаар халддаг. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр ч гишүүд Төв банкны хараат бус байдалд илт халдаж, хаанаас хамаагүй мөнгө гаргаж ирээд, юунд ч хамаагүй зарцуулах ёстой гэж элийрэв.

Хуралдааны үеэр зарим гишүүн "Саяхан л ам.долларын ханш 2400 төгрөг байсан. Жилийн дотор 2800 төгрөг болчихлоо" гэж улаан, цагаан гүжирдэж байна билээ. 2018 оны аравдугаар сарын 22-ны өдөр ам.долларын ханш 2503 төгрөг болж, 2500-г давж байлаа. Яг тэр үед амтай болгон Төв банк ажлаа хийсэнгүй гэж дайрч байсан. Тэгэхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд ам.доллар 300 гаруй төгрөгөөр нэмэгджээ гэдэг нь бодит мэдээлэл. 2020 онд коронавирусийн улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртлөө. 
Олон улсын мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг суларсан. Харин манай улсын төгрөг харьцангуй бага сулралтай байсныг Төв банкнаас байнга мэдээлж ирсэн. Энэ нэг талаараа амжилт. Үндсэндээ эдийн засаг хэцүү үед төгрөгийн ханш тогтвортой байсан гэж дүгнэж байгаа. Үүнийг үг хэлээд байгаа, олон жил УИХ-д суусан гишүүн гуай ойлгохын дээдээр ойлгож байгаа гэж бодож байна. Үнэхээр ойлгохгүй байгаа бол эдийн засагчдаар хичээл заалга. "Энэ улс чинь импортын хэрэглээтэй" гэж өөрөө хэлнэ билээ.
Тиймээс манай улс хэрэглэж байгаа бүхий л зуйлээ гаднаас зөөж байгаа. Арай л талхаа зөөх нь холгүй байна. Үйлдвэрлэл гэж түй ч байхгүй. Шатах тослох болон барилгын материал, тоног төхөөрөмж, машин техникээс авахуулаад бүгдийг нь гаднаас ам.доллараар авдаг. Гэтэл бид ам.доллар үйлдвэрлэдэг бил үү. Зэс, нүүрсээ валютаар зарж байгаа ч ам.долларын ханш буурахад нөлөөлөхүйц их хэмжээний валютын урсгал манайд орж ирэхгүй байна. Төв банкны тухай хуульд "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасан байдаг. Төгрөгийн тогтвортой байдлыг хангахыг зорих учраас мэдээж валютын ханшийг тэнгэрт тулгачихгүй байхын төлөө тодорхой хэмжээнд ажиллах ёстой болчихоод байгаа юм. Харамсалтай мэдээ УИХ-ын гишүүдэд дуулгахад, Төв банкинд ханштай тэмцэх хоёрхон л арга байгаа. Нэг нь огцом хэлбэлзлийн үед банк хоорондын захад ам.доллар зарах. Өөрөөр хэлбэл, интервенц хийх. Нөгөө нь бодлогын хүүг өсгөх. Интервенц хийхдээ валютын нөөцөө ашигладаг тул богино хугацааны шийдэл. Харин бодлогын хүүг өсгөвөл хөрөнгийн урсгал татарч, ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлах боломжтой. Гэхдээ Монголбанкны ашиглаж болох энэ хоёр арга хоёулаа сөрөг үр дагавартай. Ам.долларын ханшийг өсгөхгүй гээд интервенц хийгээд байж болно. Хийж ч байгаа. Монголбанкнаас ханшийг огцом савлуулахгүйн тулд 2020 онд 1.7 ам.долларыг банк хоорондын захад нийлүүлсэн гэсэн тоон мэдээ байна. Магадгүй ам.долларын ханш огцом савлалгүй, бага багаар өссөн нь үүнтэй холбоотой. Гишүүдийнхээр бол Төв банк байгаа бүх нөөцөө гаргаж зараад дуусгах байсан юм байна. Бас л харамсалтай мэдээ дуулгая, тэгж болохгүй. Бодлогын хүүг буулгаад 8 хувьтай болгочихсон. Тэгж байж эдийн засгаа тэтгэж байгаа. Монголбанкны барьж буй маш олон зөв бодлогыг тоочвол барагдахгүй. Экспортыг дэмжих,  импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих бодлого Төв банкинд байхгүй байна гэж яриад байх юм. Энэ бодлогыг Монгол-банкнаас нэхэх ёстой бил уү. Яаж сэтгэхээрээ ийм бодол толгойд нь орж ирээд байна аа. Засгийн газар, УИХ, салбар яам нь тэгээд юу хийх ёстой юм. Тэр нэхээд байгаа бодлого чинь та нарт байх ёстой биш бил үү, эрхэм гишүүд ээ. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг Засгийн газар боловсруулах ёстой. Мөнгө зээлийн бодлогоор бизнесийн салбарыг хэн дэмжих юм бэ гэж асууж байгаа гишүүнд хандаж хэлэхэд, ирэх онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төсөв хуваарилсангүй. Энэ талаар санаа зовох юм биш үү. Эсвэл Төв банкаа зээл олго гээд байгаа юм уу. Үгүй бол арилжааны банкуудыг жилийн 3 хувийн хүүтэй зээл өгөх ёстой гэсэн үг үү. Төв банкнаас үйлдвэр барих, экспортыг дэмжих талаар асууж суухаар. Яасан ичмээр юм бэ. Төр барьж байгаа хэд нь зөв бодлого гаргаж, төсвөө эрэмбэлж, импортыг орлох үйлдвэр барихгүй бол валютын ханш яваад л байна, гишүүд ээ.
 
Зарим нь бүр "Та нар үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд баахан мөнгө тарааж байсан биз дээ. Хэдэн их наядаар нь гаргаж байсан" гэж загнаж ч байх шиг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад зориулсан мөнгөний бодлогын дэмжлэг нэхсэн. Тиймээ, хэдэн их наядаар нь тарааж байсан. Зарим хүмүүс хэвлэж тараасан ч гэдэг. Төгрөг зах дээр ихсэж байх үед ам.долларын ханш өсөх нь тодорхой. Үүний эсрэг Төв банкнаас 7.3 тэрбум ам.долларыг эдийн засагт гаргасан. Үндсэндээ ирээдүйгээсээ мөнгө авч "идэж”, валютын нөөцөө үрсэн хэрэг. Үр дүнд нь валютын ханш хэсэг зуур л тогтвортой байгаад эргээд өссөн. Яг ийм зүйл нэхээд байна л даа, тэд. Одоо бүр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад зориулж Төв банк нь хаанаас ч юм мөнгө олж авчрах хэрэгтэй болох нь уу. Хуулиндаа Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглочихсон. ОУВС манайд хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүртэл ийм л шаардлага тавьсан. Гэтэл одоо Төв банк ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд, санхүүжүүлээд л явж байна. Засгийн газар нь энэ хөтөлбөрөө авдаггүй. Үндсэндээ Төв банкны хараат бус байдалд халдаж байгаал хэлбэр. Монголбанк Монголын бүх асуудлыг хариуцах нөхцөл байхгүй ээ, үүнийг сайн ойлго.
 
Экспортыг дэмжих хэрэгтэй байгаа нь үнэн. Тэгвэл манайд валют орж ирнэ. Импортыг орлох үйлдвэр, үйлдвэрлэл хэрэгтэй байгаа нь ч үнэн. Тэгвэл манайх валютаа гадагш нь их хэмжээгээр гаргаж алдахгүй. Гарах урсгал бага ч болов буурна. Гэхдээ үйлдвэр барих ажлыг Засгийн газар хийх ёстой. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих Төрийн бодлогыг эрх мэдэлтнүүд гаргах хэрэгтэй юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гэхээр махаа, ноос, ноолуураа, эсвэл эцсийн бүтээгдэхүүний гаргах ёстой болно доо. Дахиад хэлье, үүнийг чинь Засгийн газар хийх ёстой юм. Тодорхой хэмжээнд хийж ч байгаа. Нүүрсний экспорт нэмэгдэж байна. Дарханд арьс, шир боловсруулах үйлдвэр барьж байгаа. Удаан юм шиг санагдаад байвал Засгийн газраа шахах хэрэгтэй болов уу, эрхэм хүндэт гишүүд ээ.
Н.ПУНЦАГ

Холбоотой мэдээ