Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Гол мэдээ zulaa 06-08-2020 690

Оюутны дотуур байрны жилийн төлбөр 3.1 сая төгрөгт хүрчээ

Оюутны дотуур байрны жилийн төлбөр 3.1 сая төгрөгт хүрчээ

 

Намар болж их, дээд сургуулиуд аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн шинэ хичээлийн жилээ эхлүүлэхээр болсон. Есдүгээр сарын 1-нээс цахим хэлбэрээр хичээл нь эхлэх учир оюутнууд нэг сардаа гэрээсээ хичээллэх боломжтой юм. Харин энэ хугацаанд хот хүрээг зорих залуусын урсгал эрс нэмэгдэж тэд амьдрах байр сууцаа хайж, төвхнөцгөөх биз ээ. Оюутнууд аав, ээжээсээ сургалтын төлбөрөө төлүүлэхийн зэрэгцээ орон байр, хоол, унаа гээд санхүүгийн олон бэрхшээл тэдэнд тулгардаг. Мал хуйтай айл нь зарж борлуулаад болгодог бол ажил төрөлтэй айл нь цалингийн зээлээрээ хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын төлөө зүтгэдэг. Мэдээж ая тухтай орчинд даарч зутрахгүй амьдарна гэдэг орлогогүй оюутнуудад мянган лан. Зарим нь нагац ах , авга эгчийндээ байрлаж, зарим нь айлын хашаанд гэрээ барьж, зарим нь нийтийн байр түрээслэж, оюутны байранд амьдардаг бол арай дөнгүүр нь хажуу өрөө түрээслэж, илүү "сортоо"-той нь түрээсийн нэгээс хоёр өрөө байранд тухалдаг. Оюутны энэ амьдралыг тойрч гараагүй хүн ховор доо. Хол аймгийн хүүхдүүд олноороо нийлж "омог” үүсгэн хоёроос гурван өрөө байр түрээслээд эв найрамдалтай амьдарч байсныг нь дуулсан. Санаа сэтгэл нийлсэн найзууд гурав дөрвөөрөө "булагнаад" нэг өрөө байранд багтаж шингэхийг ч харсан. Харин дураараа өссөн зожиг, эрх зантай хүүхдүүд хэн хүнтэй таарахгүй айлаас айлд, байрнаас байранд нүүж, бууж байхыг ч мэднэ. Ард үлдсэн аав, ээжүүд хүүхдүүдээ аль болох тохь тухтай айлын хаяаг бараадуулан түшүүлчих санаатай байдаг. Түрээсний байр хайж, түмэн зарыг нэгжиж эхлэх намар цагийн дохио орсон энэ цаг дор та бүхний ажлыг хөнгөвчлөн дотуур байр, нийтийн байр, орон сууцны үнэ ханшийн талаар сурвалжилснаа хүргэе.

НИЙТИЙН БАЙР ТҮРЭЭСЛЭХ НЬ ОЮУТНЫ БАЙРАНД АМЬДРАХААС ИЛҮҮ ЗАРДАЛТАЙ

Оюутнуудын амьдрахыг хүсдэг газрын нэг бол оюутны дотуур байр. Газар газраас ирсэн үеийн нөхөдтэйгөө ижилдэн дасаж, найзлан нөхөрлөн, олдсон хоолоо хувааж идэн дурсамжтай дөрвөн жилийг хамтдаа өнгөрүүлнэ гэдэг олдошгүй хувь заяа. Тэрхүү дурсамжийг хадгалж байдаг оюутны байрууд жил ирэх тусам үнэд орж байгааг бид мэднэ. Гэхдээ цар тахлын улмаас энэ жил их, дээд сургуулиуд дотуур байрны төлбөрөө нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. МУИС-ийн нэгдүгээр байрны дотуур байрны дөрвөн хүүхэдтэй өрөөний төлбөр жилийн 780 мянга, хоёрдугаар байрны төлбөр 600 мянга, тавдугаар байрны төлбөр хоёр хүүхэдтэй өрөө нь нэг сая 550 мянган төгрөг байв. Тэгвэл магистр докторын түвшний оюутанд хоёрдугаар байрны нэг хүний өрөө нь 3.1 сая, хоёр оюутны өрөө нэг сая 550 мянга байлаа. Гадаад оюутны байранд нэг хүний өрөө 3.1 сая, хоёр хүнийх нь нэг сая 550 мянга, гурван хүнийх нь нэг сая 50 мянган төгрөг байлаа. МУБИС-ийн дотуур байрны төлбөр жилийн 430 мянга, ШУТИС-ийнх дөрвөн хүний өрөө 500 мянга, ХААИС-ийн шинэ дотуур байр нь жилийн 650 мянга бол хуучин байр нь 550 мянган төгрөг байв. ЭМШУИС-ийн дотуур байранд орвол гаднын сургуулийн оюутан 780 мянга бол өөрийн сургуулийн оюутан 500 мянган төгрөг байна. СУИС-ийн дотуур байр 700 мянга бол Төмөр замын дээд сургууль 600 мянган төгрөг гэв. "Этүгэн” их сургуулийн дотуур байр хоёр хүний өрөө 1.8 сая, дөрвөн хүний 900 мянга, зургаан хүний өрөө 720 мянган төгрөг байв. Зарын сайтуудад энэ сарын 1-ний өдрөөс тавьж эхэлсэн шинэхэн заруудыг сонирхож, нийтийн байрны түрээслэгч нар руу утас цохилоо. Олон хүний гар дамжсан, бохир заваан гэгддэг нийтийн байр сүүлийн үед соёлжиж дотроо бие засах өрөө, ариун цэврийн өрөөтэй болоод эхэлжээ. Мөн интэрнеттэй, түрээсийн төлбөртөө хог, тогны мөнгө нь багтсан байдаг аж. Үнэ нь 200 мянган төгрөгөөс хямд болох тусам нөхцөл байдал нь арай доошилж, гаднаа бие засах өрөөтэй, худгаас усаа зөөдөг, интэрнетгүй гэх шалтгаантай болдог аж. Тодруулбал, Хайлаастад нийтийн байр сарын 200 мянга, Чингэлтэй дүүргийн 17-д 250 мянга, Ганданд 200 мянга, Кино үйлдвэрт 190 мянга, Офицерт 150 мянга, Дэнжийн мянгад 120 мянга, Дарь эхэд 170 мянга, Сансрын клонкод 150 мянган төгрөг байв. Зарын эзнээс зарим зүйлийг тодруулахад ихэнх нь "Гурван сараар түрээсээ авна. Манай байр дулаахан, тохь тухтай" гэсэн хариултыг өгч байсан юм. Зарим сургууль дотуур байргүй байдаг тул өөр сургуулийн дотуур байранд илүү төлбөр төлж суух шаардлага гардаг. Дотуур байранд багтаж чадаагүй хүүхдүүд хаана амьдрах вэ гэдэг асуудал үүсдэг. Тэгвэл яах аргагүй нийтийн байр нь дотуур байрнаасаа илүү зардалтай байгааг дээрх судалгаанаас харж болохоор байна.

БАЙР ТҮРЭЭСЛЭГЧИД ЦЭВЭРЧ НЯМБАЙ ЭМЭГТЭЙ ХҮНД ТҮРЭЭСЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Дараагийн ээлжинд хажуу өрөө болон нэгээс хоёр өрөө байруудын үнийг судлав. Хажуу өрөө 300-350 төгрөгийн үнэ ханштай байлаа. Тухайлбал, 10 дугаар хороолол, "Тэнгис” кино театрын хажууд, Хорооллын эцэст, ТБД андуудын дэргэд хажуу өрөө 300 мянган төгрөг бөгөөд төлбөрийг сар сард нь авна гэж байв. Харин Баянбүрдэд хажуу өрөө 350 мянган төгрөг бөгөөд гурван сараар төлбөрийг авах аж. Дээрх төлбөрт ус, тог, дулаан, интэрнет гээд урсгал зардлууд багтсаныг тодотгоё. Хажуу өрөөнд амьдарна гэдэг үл таних айлын үл таних шинэ гишүүн болж амьдарна гэсэн үг. Оройтож ирж болохгүй, гаднаас хүн дагуулж ирэх хориотой, усанд орох, хоол ундаа хийх гээд бүх зүйл нь тухайн айлаас хараат болно. Нэлээн чамбай, хүний арга эвийг олчихдог хүүхэд л энэ шалгуурт тэнцэнэ дээ. Үргэлжлүүлэн нэг өрөө байрны ханшийг судалцгаая. Ихэвчлэн 23-45 мкв нэг өрөө байраа энд тэндээс нь нямбайлан авсан зурагтай зарууд угтлаа. Хуучин, шинэ янз бүрийн эдэлгээтэй тавилгууд бүхий тэдгээр байрууд байршил болон хэмжээгээсээ хамаарч 450-600 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Жишээлбэл, 100 айлд 23 мкв нэг өрөө байр 500 мянга, Цамбагаравт 40 мкв тавилгатай нэг өрөө байр 600 мянга, Сансарт 45 мкв нэг өрөө байр 600 мянга, Модны хоёрт 39 мкв нэг өрөө 600 мянга бөгөөд эдгээр айлууд зургаан сараар түрээсээ авна гэж байв. Соёл урлагийн их сургуулийн урд гал тогоо тусдаа нэг өрөө байр 600 мянган төгрөг бөгөөд гурван сараар төлбөрөө авна гэсэн бол Баянзүрх дүүргийн "Монгол” хотхонд 43 мкв нэг өрөө байр 450 мянган төгрөг бөгөөд нэг жилээр түрээсээ авна гэж байв. Мөн Дашчойлин хийдийн хажууд нэг өрөө байр 550 мянган төгрөг, Чингэлтэй дүүргийн "Туул” рестораны урд нэг өрөө байр 450 төгрөг гэх бөгөөд сар, сараар нь төлбөрөө авна гэсэн нь олзуурхууштай санагдав.

Дээр хэлсэнчлэн санаа нийлсэн нэг найзтайгаа нэг өрөө байранд хамтдаа түрээслээд амьдарвал нэг хүнээс 250-300 төгрөг гарах нь. Боломжийн айлын хүүхдүүд хоёроос гурван өрөө байранд амьдардаг гэх буруу ойлголт бий. Санаа нийлсэн найзууд эсвэл хамаатнуудаараа нийлээд хот газар хань бараатай амьдарч яагаад болохгүй гэж. Бид чинь нүүдэлчин амьдралын хэв маягаар олон зуун жил амьдарч ирэхдээ отог овгоороо, айл саахалтаараа амь нэгдэн эв найрамдалтай амьдарч ирсэн. Гэтэл суурин иргэншилд шилжсэнээр хувь хувиа хичээсэн, хүнд саад болохгүй, миний гэх орон зайг хана хэрэм шиг үүсгээд зожигрон ганцаардаж амьдрах хэв маягтай болчихсон нь харамсалтай. Үүнийг өгүүлэхийн учир нэг дээвэр дор оюутнууд хэд гурваараа нийлж төлбөр мөнгө, хоол ундаа хуваагаад амьдрах боломжийг санал болгосных. Энэ нь ч эдийн засагт хэмнэлттэйн дээр тохь тухтай шүү дээ. Хоёр өрөө түрээсийн байрууд бүгд тавилгатай бөгөөд төлбөрийг гурваас зургаан сараар авна гэж байв. Тухайлбал, Жуковт, Баянбүрдэд хоёр өрөө байр 700 мянга гэж байсан бол Дөлгөөн нуур болон "Хангай” хотхонд хоёр өрөө байр 600 төгрөг гэж байлаа. Барс захын хажууд хоёр өрөө байр 420 мянган төгрөг гэх бөгөөд төлбөрийг гурван сараар авна гэж байсан бол 13 дугаар хороололд хоёр өрөө байр 650 төгрөг бөгөөд төлбөрийг 10 сараар авна гэж байлаа. Байр түрээслэгчид бүгд л эмэгтэй хүнд байраа түрээслүүлэх сонирхолтой бөгөөд элдэв муу зуршилгүй, гадны хүн дагуулж ирдэггүй, цэвэрч нямбай байх шалгуурыг тавьжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Холбоотой мэдээ