Office Address

123/A, Miranda City Likaoli Prikano, Dope

Phone Number

+0989 7876 9865 9

+(090) 8765 86543 85

Онцлох мэдээ nomun 01-07-2020 4950

Ерөнхийлөгчийн сонгуулийг ШИНЭ удирдлагуудтай "шинэхэн" СЕХ зохион байгуулах бололтой

 

 


Өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар хуралдсан анхдугаар чуулганы хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүдэд зориулж хатуухан үг хэлэв. Түүн дотроо СЕХ-г маш муу, ноцтой алдаа гаргаж ажилласан тул удирдлагуудыг нь огцрохыг шаардсан юм. Нэгэнт улс төрийн хүчийг өөртөө төвлөрүүлээд буй Ерөнхийлөгч ингэж үзэж буй бол улстөрийн өрөгт уг үйл явц өрнөнөө л гэсэн үг. Ер нь ч хатуухан хэлэхэд СЕХ ажлаа хэмжээндээ сайн хийсэн хэдий ч үүсэн асуудлуудыг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж, төөрөгдлийг арилгах байсан гэдэг нь үнэн.

Тэгвэл одоо СЕХ-ны дарга, гишүүд ямар тохиолдолд огцордог, чөлөөлдөг талаар мэдээллийг товчхон хүргэе.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд зааснаар СЕХ нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байна. Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно. Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно.

2012 онд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав биеийн байдлаас шалтгаалан ажлын ачааллаа багасгаж, өөр ажилд шилжих хүсэлт гаргаж, УИХ-ын даргад ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө өгсөн юм. Тиймээс УИХ-аар уг хүсэлтийг хэлэлцэж, Н.Лувсанжавын оронд 2009 оны нэгдүгээр сараас СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Содномцэрэнг УИХ-ын дарга З.Энхболд санал болгосноор томилж байв.

Уг томилгоог товчхон эргэн сануулахад АН олонх биш ч олуулаа болсон цаг үе. Тухайн үед нам, төрийн бодлого том утгаараа Н.Алтанхуяг буюу С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтнүүдийн шийдвэрээр өрнөж явсан үе. Цаад утгаараа ч энэ томилгоонд экс Ерөнхийлөгчийн нэрийг хавьчуулж үзэх тал байдаг. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа томилогоог хийснээс биш өөрөө санаачилж Ц.Содномцэрэнг томилоогүй л болов уу. Тийм ч учраас одоогийн Ерөнхийлөгч түүнийг болон бусад удирдлагуудыг нь нэн яаралтай "хөдөлгөх" хөзрөө өнгөрсөн хэдэн өдөрт цуглуулж, өчигдөр ил болгосо нь энэ биз.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу СЕХ-ны гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Энэ хуулийн дагуу СЕХ-нд 2009 оноос хойш зургаан жил ажилласан Ч.Содномцэрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2015 онд дуусгавар болсон юм. Гэвч мөн л тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд санал гаргаж Ч.Содномцэрэнг дахин зургаан жилээр СЕХ-ны даргын алба хашуулахаар улираан томилж, авч үлдсэн байдаг. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханыг томилуулсан байдаг.

Түүнээс хойш таван жил өнгөрөөд байна. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн,  нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханы бүрэн эрхийн хугацаа дуусахад ганцхан жил үлджээ. Тодруулбал хуулийн дагуу 2021 онд СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг УИХ-аар дахин сонгох хуультай.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд СЕХ-ны гишүүн нь эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ хугацаанаас нь өмнө чөлөөлж болно. Харин өөр үндэслэлээр чөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг. Харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол огцруулж болох хуулийн заалт байна.

Тэгэхээр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахгүй бол 2021 оны эхээр тэднийг өөрчлөх хөдөлгөөн УИХ дээр өрнөж л таараа. Сонгууьд хугацаа нь дуусахын сацуу, Ерөнхийлөгчид "зуугдсан" хойно шинэ оны дараахан "сэлэм гялс толгой бөндгөс" л биз. Үүнээс урьтаж улс төр өрнөөд өөрсдөө өргөдлөө өгөх хэмжээнд шахагдчихгүй л бол.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа бие даагчид сонгуулийн хар машин буруу ажиллалаа, дундаас нь хакердлаа гээд бөөн асуудал үүсгэж Ерөнхийлөгчид хандсан. Гэтэл хамгийн хачирхалтай нь Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний хүсэлтийг маш хурдан хүлээж аваад, цаг товлон уулзсан нь олон хүний гайхшралыг төрүүлсэн гэхэд болно. Хальт харахад ямар нэгэн "асуудал" хүлээж байсан мэт. Улмаар дахин хяналтын тооллого явуулахыг СЕХ-ныхонд үүрэгдсэн. Үүний хажуугаар Ерөнхийлөгчийн талынхан гэгддэг хүмүүс ч сошиалаар дамжуулан СЕХ будлиантай сонгууль зохион байгууллаа гэдэг акц явуулж байсныг олон нийт ажигласан биз.

Улс төрийн хүрээнийхэн үүний цаана Ерөнхийлөгч "өөрийн хүнээ" сайд болгох шахалтыг  У.Хүрэлсүхэд үзүүлж буй хэрэг юм уу гэх хардлага тээж байсан юм. Гэвч өнөөдрийн Ерөнхийлөгчийн шийдвэртэй мэдэгдлээс харахад түүний эцсийн зорилго СЕХ байсан юм болов уу гэх хардлагыг яах аргагүй төрүүлж байна. Өөрөөр хэлбэл СЕХ-г муухай харагдуулах, муу ажиллаж байгааг илчлэх нь, цаашлаад СЕХ-ны удирдлагуудыг сольж шинэчлэх нь Ерөнхийлөгчийн гол зорилго байсан нь ил болов. 

Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд СЕХ-ны дарга нарыг солих нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ түүнд маш чухал. Энэ сонгуульд СЕХ-ны одоогийн удирдлагуудтай орох нь түүнд эрсдэлтэй. Зургаан жилээр дахин сонгогдох боломжоо бүрдүүлэхийн тулд "өөрийн хүмүүсээ" тавихыг бодож буй биз. Ингэснээр Ерөнхийлөгийн сонгуулиар өөрөө булхай хийхгүй ч гэсэн бусад нам эвслүүдийн сонгуульд үзүүлэх булхай луйвараас урьдчилан сэргийлж чадна гэж тооцоолж буй байх. 

Хоёрдугаарт Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан тэргүүтэй СЕХ-ны удирдлагууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдтой холбоотой гэх сошиал мессежийг одоогийн Ерөнхийлөгчийн талаас олон нийтэд бичлэг цацаж өрсөлдөгчөө "намнасан". СЕХ-ны Ц.Болдсайхан тэргүүтнүүдийн нэр дэвшигч М.Энхболдынд зочилж тансаг дайллага цайллагад орж, мэхийн суугаад тамхилж буй бичлэг нь иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн. Тэдэнд ийнхүү М.Энхболд, МАН, 60 тэрбумынханд "үйлчилдэг" гэх муу нэр зүүлгэж, олон нийтээс улс төрийн дэмжлэг авсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэгддэг.  Тиймээс хуучны муу дурсамжтай асуудлаас салах нь Ерөнхийлөгчид хамгийн чухал. Тиймдээ ч сүүлийн хэдэн хоног СЕХ-той холбоотой улс төрийн акц хийсэн байх нь. Үүнийгээ ч өчигдөр анхдугаар чуулганы хуралдаан дээр шуудхан хэлчихлээ. 

Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд зөв зүйтэй үгс бий шүү. СЕХ ямар ч тайлбар тавилгүй, ард иргэдийг мэдээллээр хангаагүй энэ сонгуулийг хийсэн нь үнэн. Энэ нь ч буруутсан. Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн "арганд орсон" нь СЕХ-ны удирдлагуудын өөрсдийн нь алдаа. Өнөөдрийн ийм нөхцөлд байдалд орсон бурууг СЕХ-ны дарга нар өөрсдөөсөө хайх нь зүйтэй. 

Ийнхүү өчигдрийн Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө СЕХ-ны удирдлагуудаар өргөдлийг нь өгүүлэх шахалтын дөнгөж эхлэл нь байж мэднэ. Ямартаа ч СЕХ-ны удирдлагууд 2021 оноос өмнө, бүр наана нь өөрсдөө өргөдлөө гаргаж ажлаа өглөө гэж бодоход шинээр томилогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар тэднийг орлох хүмүүсийг санал болгож УИХ-д оруулж ирнэ. УИХ-аар хэлэлцээд тэднийг томилох эсэхийг шийдэх юм. Шинээр сонгогдох СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нарыг гишүүдээс нь сонгоно гэж үзвэл одоо СЕХ-ны гишүүн байгаа

  1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга Г.Байгальмаа
  2. Ерөнхийлөгчийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад яамных нь газрын дарга байсан О.Амгаланбаатар (ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга),
  3. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхөр Д.Баяндүүрэн,
  4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Э.Батболд,
  5. Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал С.Баатаржав,
  6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж
  7. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат нараас сонгох юм.

Магадгүй СЕХ-ны дараагийн дарга Г.Байгалмаа болон Д.Баяндүүрэн нарын нэг байх л болов уу. Гэхдээ урт хугацаандаа өрнөх улс төрийн "том зураглал"-ыг замын эхэнд нь тааж, "буудах" хэцүү. Нөхцөл байдал, улс төрийн өнгө аяс цагийн байдлаас шалтгаалж алга урвуулсан мэтээр өөрчлөгддөг шүү дээ.


Холбоотой мэдээ